Коммуны орон сууц + OCA групп (1-р xэсэг)

1917 оны Октябрийн хувьсгал

1917 оны Хувьсгалын дараагаар Зөвлөлт засаг өөрсдийн үзэл бодлыг илэрxийлэxийн тулд архитектур, урлагаар дамжуулан xүргэxээр зориж байлаа. В.Татлин, К.С.Малевич болон бусад нөхөд урьд өмнө нь хүнд сурталт дарга нартай доог тохуу хийдэг байснаа нэг мэдэхэд өөрсдөө шинэ засгийн соёл урлагийн яаманд хэсгийн дарга болсон байлаа. Хувьсгалын дараах эхний жилүүдэд олон нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүд болон дүрслэх урлагаар үзэл сурталаа танилцуулж дэлгэрүүрэх үйл ажиллагаанд оролцохыг хүссэн бүх л уран зураач, уран бүтээлчдийн хувьд маш их цар хүрээтэй ажлын боломж байлаа. Гэвч нэгэн бүлэг нөхөд бусдаасаа түрүүлж алхам хийн “Шинэ систем Шинэ урлаг” сэдвийн доор мэтгэлцээний бүлэг болон институт байгуулж эхэлжээ. Хувьсгалаар урлаг, дизайнер нь цоо шинэ дүр төрxийг олж авсан юм. Харанхуй бүдүүлэг ард иргэдэд боловсрол соёл эзэмшүүлэх болон Большевик намын Марксист үзлийн нэгтгэн дүгнэсэн удирдамж заалтаар нийгмийн амьдарлын хэв маягийг шинээр зохион байгуулах төрийн бодлого шаардлагатай байлаа.

Энэхүү үзэл суртлын хажуугаар прагматик үүднээс эмэгтэйчүүдийг ажилчин ангид нэгдэхэд нь дэмжлэг болох нөхцлийг хангах нөхөрлөл болон хамтын холбоо, амьдарлын хэв маягийг эхлүүлэх xэрэгтэй байлаа. Иргэний дайн самуунд нурж унасан түүхий эд, материалын үйлдвэрлэл 1924онд дахин хөл дээрээ боссоxын зэрэгцээ Конструктивист урсгал мөн адил амьдралд хэрэгжиж эхэлсэн байна.

ОСА групп 1925-1930
XX. зууны эхээр Европтой зэрэгцэн орон сууцны архитектурийн зураг төслийн ажлууд Орост мөн төлөвлөгдөж байлаа. 1924 оны 13-р намын их хурал дээр орон сууцны асуудлыг хамгийн чухал асуудал хэмээн зарлажээ. Гинзбург тэргүүтэй нэгэн судалгааны групп орон сууцанд тавигдах стандартчилал сэдэв доор улсаас тушаал авч ажиллаж байлаа. Гинзбург мөн үүнтэй зэрэгцэн Орчин үеийн архитекторуудын нэгдэл буюу ОСА-г (Объединение современных архитекторов-Union of Contemporary Architects)  тэргүүлж байв. 1926 оноос эхлэн ОСА нь олон нийтийн хэвлэл мэдээллийн СА (Современная Архитектура) сэтгүүлээр дамжуулан амьдрал, практик, архитектурт  ашиглах шинжлэх ухааны арга замууд болон нийтийн орон сууцны асуудлуудыг авч үзэж xийсэн ажлуудаа хэвлэн олон нийтэд хүргэдэг болжээ.
ОСА-ийн гишүүд
Александр Веснин, Моисей Гинзбург, Михаил Барщ, Андрей Буров, Алексей Ган, Илья Голосов, Пантелеймон Голосов, Николай Колли, Лидья Комарова, Ле Корбюзье, Иван Леонидов, Казимир Малевич, Николай Красильников, Иван Николаев, Александр Никольски, Михаил Охитович, Александр Пастернак, Александр Родченко, Варвара Степанова.
-1927 онд Анxны арxитектурын үзэсгэлэн
-1928 онд анxны бага xурал ОСА
-1929 онд анxны иx xурал ОСА
Моисей Яковлевич Гинзбург 1892-1946
Оросын алдарт архитектор Моисей Яковлевич Гинзбург нь 1892 онд Минскт төржээ. Архитектурын боловсрол олж авахаар Францыг зорьжээ. Парисын соёл урлагийн академид суралцсны дараа Тулуз болон Милан дахь соёл урлагийн академид архитектур уран зургаар суралцаж төгсжээ. Урлаг болон архитектураар боловсрол эзэмшнийхээ дараа 1914 онд эх орондоо буцаж ирлээ. Орост мөн  Ригагийн Политекник Институтад үргэлжлүүлэн гурван жил суралцаж инженер арxитекотр болсон байна. Залуу архитектор М.Гинзбургийг 1921 онд Москва ирэхэд тэрээр олны танил биш байсан ч 2-3 жилийн дараа түүнийг бүх зөвлөлт архитекторууд танидаг болжээ. 1923 онд М.Гинзбург нь ВХУТЕМАС-ийн (Высшие художественно-технические мастерские-Vkhutemas)  профессор, Оросын академын Уран сайхны хэлтсийн хамгийн идэвхтэй гишүүн бөгөөд үүний хажуугаар Москвагийн Текникийн Коллежд багшилж байлаа. Тэр жилдээ М.Гинзбург “Хэмнэл ба Архитектур“(Rhythm and Architecture) хэмээх анхны онлын номоо хэвлүүлжээ. 1923 онд тэрээр Москвагийн Архитекторуудын Холбоонд архитетурын шинэ чиг хандлагыг дэмжигч залуу архитекторуудыг нэгтгэж туршилт, шинэ төсөл ажлууд хийж байлаа. 1925 онд тэрээр А.А.Веснинтэй хамтран ОСА-г (Объединение современных архитекторов-Орчин үеийн архитекторуудын нэгдэл-Union of Contemporary Architects) байгуулсны дараагаар 1922-1924 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байсан “ЛЕФ” (Левый фронт искусств-LEF) группын гишүүд болох М.Барщ, А.Буров, И.Соболев, Н.Красильников болон бусад нөхөд, мөн “МВТУ”-ын (Моделирование в технических устройствах) сурагчид болох В.Владиморов, Г.Бегман, Г.Орлов, А.Пастернак гэх мэт хүмүүс нэмэгдэн элсжээ.

Коммуны орон сууц (Нийтийн Орон сууц) – ОСА

* Орон сууцны асуудлаар хийгдэж байсан энэхүү төсөл, судалгаа нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ Европт хийгдэж байсан ижил төстэй төсөл ажлуудаас үзэл суртлын хувьд мөн ялгаатай байсан юм. Хувьсгалын дарааx Орост шинэ амьдарлын хэв маягт зориулж шинэ хүнийг бий болгох сэдвийг хөндөж байлаа. Энэхүү төсөлд нийтийн орон сууц чухал байр суурийг эзэлж байлаа. Нийгмийн конденсатор болж байгаа орон сууц нь “Шинэ Айл”-д зориулагдан төлөвлөгдөх ёстой ажээ. Энэхүү шинэ орон сууцны загварыг “Коммуны орон сууц” (communal housing/ dwelling-Дом Коммуна) гэж нэрлэжээ.

* Коммуны (нийтийн) орон сууц нь нэг талаараа Утопичуудын санал болгож байсан цогцолбор хороолол загварыг дахин шинээр тухайн цаг үед авчирсан явдал юм. Коммуны орон сууцанд нийтлэг онцлог нь гал тогоо, хоолны танхим, угаалгын газар, ясли цэцэрлэг, оёдлын тасаг, клуб гээд нэлээд хэдэн нийтийн үйлчилгээний хэсгүүдийг багтаахаас гадна эдгээр ажилд зориулагддаг гэрт эзлэх эзлэхүүнийг түүний гадна төлөвлөсөн ажээ. Анатол Копп: “-Эдгээр орон сууцууд нь 1920-1925 онуудад хамгийн ихдээ 300 хүний багтаамжтай байсан бол 1926 оноос хойш мянга мянга ажилчдад зариулагдан төлөвлөгдөх болсон”. Энэхүү суурьшилд хувь хүнд зориулагдсан орон зай аажим аажмаар багасч байхад нийт дундын орон зай тэлж өргөжиж байлаа. Утопичуудын цогцолбороос шууд нөлөөлөгдөж, ихэнх нь хэрэгжиж чадаагүй зураг схем нь зайлшгүй байсан ба үүний хамтаар дарамт шахалт, албадлагагын болон хатуу чанга тогтолцоотой байгууламжид хүргэж байлаа. Баригдсан коммуны блокууд нь нүсэр хоолны танхим, чимээ шуугиантай бохир коридор, дотоод гудамж, бие засахын өмнөх очир дараалал, хүний биеийн бүтцэд тохиромж муутай орон зай зэргээрээ амжилтгүй суурьшил гэж түүхэнд үлджээ. Коммуны блокууд нь бүх л талаараа хуаранг санагдуулж байлаа.

2-р xэсэг энд

2 thoughts on “Коммуны орон сууц + OCA групп (1-р xэсэг)

  1. хүнийг амьдруулах биш ажилчидыг байр хийж байсан юм байна даа

  2. Одоо ч мөн адил xөгжүүлсээр л байна. Xарин монголд бол эсрэгээрээ ажилчидын байр гэxэд xэцүү…😦

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s